Voices
25 October 2024
Countries:
Бид алтны бичил уурхайн үйл ажиллагааг албажуулах, уг салбарт мэргэжлийн хандлагыг бий болгох, улмаар бичил уурхай дахь мөнгөн усны далд хэрэглээг халахад хувь нэмэр оруулах зорилгоор төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, мөн бичил уурхайчид, худалдаачид, боловсруулагчид зэрэг алтны нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудтай хамтран ажиллаж байна. Бичил уурхайг албажуулж, хариуцлагатай үйл ажиллагааг дэмжин бодлого зохицуулалтын орчныг сайжруулснаар орон нутгийн эдийн засаг, иргэдийн амьжиргаанд эерэг өөрчлөлтийг бий болгож, байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулж буй сөрөг нөлөөллийг багасгах боломжтой юм. Та бүхэн төслийн үр дүн, үйл ажиллагааны талаарх мэдээллийг Facebook, Twitter/X, болон LinkedIn хаягаас авна уу.
Энэ удаагийн товхимолд дараах мэдээллийг багтаалаа:
planetGOLD Монгол-Филиппин төслийн Бүсийн удирдах хороо хуралдлаа
Бичил уурхайн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бүрдэв
Туршлага судлах, хамтын ажиллагааг бэхжүүлэх уулзалтууд зохион байгууллаа
Алтны хүдэр баяжуулах бага оврын үйлдвэрээр зочлов
Бичил уурхайн анхны хадгаламж, зээлийн хоршоо үүсгэн байгуулагдлаа
Хадгаламж зээлийн хоршооны гишүүд туршлага судаллаа
Бичил уурхайн салбараас нийлүүлж буй алтны талаар мэдээлэл өгөв
Манай товхимлыг таалан болгооно уу!
planetGOLD МОНГОЛ-ФИЛИППИН ТӨСЛИЙН БҮСИЙН УДИРДАХ ХОРОО ХУРАЛДЛАА
planetGOLD Монгол-Филиппин төслийн Бүсийн удирдах хорооны хурал 2024 оны 9-р сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод боллоо. Хуралд Монгол Улсыг төлөөлж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам (АҮЭБЯ), Монголбанк, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ) оролцов. Филиппин Улсыг төлөөлж тус улсын Байгаль орчин, байгалийн нөөцийн яам, Төв банк болон Камаринес Норт мужийн захиргааны төлөөлөл оролцлоо. Түүнчлэн planetGOLD Монгол-Филиппин төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудыг төлөөлж НҮБ-ын Аж үйлдвэр, хөгжлийн байгууллага (НҮБАҮХБ), гүйцэтгэгч байгууллах болох Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөл (АБУЗ) тус хуралд оролцов.
Хурлаар planetGOLD Монгол-Филиппин төслийн үйл ажиллагаа, үр дүн, ололт амжилт болон хоёр улсын бичил уурхайн салбарын нөхцөл байдал, тулгамдаж буй бэрхшээл, шийдлийн талаар танилцууллаа. Түүнчлэн БОУАӨЯ болон Филиппин Улсын Байгаль орчин, байгалийн баялгийн яам (БОББЯ)-ны төлөөлөл төсөлтэй хамтран хэрэгжүүлсэн болоод хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өгөв. Яамдын төлөөлөл төслийн бүс нутгуудад байгуулсан алтны хүдэр баяжуулах цехүүд мөнгөн усны хэрэглээг халаад зогсохгүй, санхүүгийн чадвар багатай бичил уурхайчдын хувьд том бүтээн байгуулалт болсон гэдгийг онцлов. Мөн энэхүү сайн туршлагыг бусад орон нутагт түгээх нь чухал бөгөөд үүнд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.
Түүнчлэн planetGOLD Монгол-Филиппин төслөөс байгуулсан алтны хүдэр баяжуулах цехүүдийн үйл ажиллагааг жигдлэх, бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх механизмыг хэрэгжүүлэх, шаардлагатай тоон үзүүлэлт, мэдээллийг цуглуулах зорилгоор төслийн хэрэгжих хугацааг 2025 оны 9 сар хүртэл сунгахаар шийдвэрлэв.
БИЧИЛ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН ҮРГЭЛЖЛЭХ БОЛОМЖ БҮРДЭВ
"Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг хэрэгжүүлэгч байгууллагуудын нэгдсэн хэлэлцүүлэг, зөвлөгөөн" 2024 оны 9 сарын 20-ны өдөр зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнийг АҮЭБЯ, Ашигт малтмал, газрын тосны газар (АМГТГ) зохион байгуулж, planetGOLD Монгол төсөл дэмжин ажиллав. Зөвлөгөөнд бичил уурхай бүхий аймгуудын удирдлага, төрийн албан хаагчид, бичил уурхайчид бүхий 250 орчим хүн оролцов.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Монголын төр засгийн зүгээс бичил уурхайн салбарын нөхцөл байдлыг сайтар ойлгож, зөв зохицуулалт хийх нь зүйтэй тул ийнхүү салбарт оролцож буй бүх талуудыг нэгтгэн энэхүү зөвлөгөөнийг зохион байгуулж буйг онцлон дурдав. planetGOLD Монгол төслөөс зөвлөгөөний үеэр илтгэл тавьж, улс орнуудын бичил уурхайн туршлагыг хуваалцаж, бичил уурхайн салбарыг албажуулах замаар эерэг боломжийг бий болгох, бичил уурхайг алтны нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талын хувьд авч үзэх олон улсын хандлага бий болж байгааг дурдав.
Зөвлөгөөний үр дүнд оролцогч талууд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хүрээнд бичил уурхайн үйл ажиллагааг хэвийн явуулах, цаашид шаардлагатай өөрчлөлтийг хууль, журамд тусгуулан ажиллахаар тохиролцлоо.
Зөвлөгөөний талаарх видео мэдээг эндээс үзнэ үү.
ТУРШЛАГА СУДЛАХ, ХАМТЫН АЖИЛЛАГААГ БЭХЖҮҮЛЭХ УУЛЗАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Бүсийн удирдах хорооны хуралд оролцохоор Монгол Улсад айлчилсан НҮБАҮХБ, Филиппин Улсын БОББЯ, тус улсын Камаринс Норт мужийн захиргаа, АБУЗ, planetGOLD Филиппин төслийн баг Монгол Улсын бичил уурхайн салбарын нөхцөл байдал, бодлогын болон бусад арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар албан уулзалтууд хийлээ.
МБУНДХ-оос эхэлсэн уулзалтаар тус холбооны тэргүүн Н.Нарантөгс, Гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт нар бичил уурхайн нэгдсэн мэдээллийн сан байгуулах замаар салбарын албажуулалтыг дэмжих, салбарын нийгэм-эдийн засгийн үнэлгээ хийж, дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөө гаргах, улмаар тус стратегийг төрийн бодлогын суурь бичиг баримт болгох чиглэлд ажиллаж буйгаа танилцуулав. Түүнчлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдын санаачилгаар бичил уурхайн салбарын гацааг арилгах, бичил уурхайчид олборлох үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдээд буйг онцоллоо.
НҮБАҮХБ-ын Төсөл хариуцсан зохицуулагч Хоа Лай холбооны зүгээс хэрэгжүүлэхээр зорьж буй нийгэм-эдийн засгийн үнэлгээ нь бичил уурхайн салбарыг албажуулж, улмаар орон нутаг дахь мянга мянган бичил уурхайчдын аж амьдралыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэртэй ажил болохыг дурдаж, тус санаачилгын талаар албаны хүмүүст мэдээлж, хамтран ажиллах боломжийн талаар судлахаа цохон тэмдэглэв.
Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-той уулзах үеэр алтны худалдаа болон холбогдох бодлогын орчны талаар хэлэлцлээ. Монголбакны Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа олон улсын стандартуудыг мөрдөж ажиллах нь чухал болохыг онцоллоо. СЗХ-ны Үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын газрын дарга Н.Энхтуяа өнгөрсөн гурван жилд planetGOLD Монгол төсөлтэй хамтын ажиллагааг идэвхжүүлж, нэлээдгүй ололт дагуулсан талаар дурдав. Тухайлбал, “Монголын үнэт металл, үнэт эдлэлийн нэгдсэн форум, экспо”-г гурван жил дарааллан хамтран зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг батжуулж, олон нийтэд салбарын талаарх мэдээлэл түгээсэн чухал арга хэмжээ болсныг тодотгов. Мөн уулзалтаар талууд Монголын бичил уурхайн салбарын хэтийн төлөв, сорьц тогтоох үйл ажиллагаа, алт арилжаалагчдын үйл ажиллагаан дахь хяналт, бичил уурхайчдын санхүүгийн хүртээмж зэрэг асуудлуудын хүрээнд харилцан санал солилцож, мэдээлэл авлаа.
planetGOLD Монгол төслийн хэрэгжүүлэгч болон гүйцэтгэгч байгууллага БОУАӨЯ, АҮЭБЯ-ны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, төслийн үйл ажиллагааны явц, тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж, санал солилцлоо.
АҮЭБЯ-ны Уул уурхайн бодлогын газрын Техник технологийн хэлтсийн дарга Г.Намчинсүрэн саяхан болсон “Бичил уурхайн нэгдсэн зөвлөгөөн”-өөр оролцогч талууд бичил уурхайн үйл ажиллагааг дэмжих, талбайн дүгнэлт олгох явцыг эрчимжүүлэхээр шийдвэрлэснийг онцлов. БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын дарга Г.Энхмөнх бичил уурхайн үйл ажиллагааг хууль бус олборлолтоос ялгаж ойлгохыг онцолж, хууль бус олборлолтыг сайтар хянах, албан ёсны бичил уурхайн нөхөрлөлүүдийн бүртгэлийг сайжруулах шаардлагатайг мөн онцлов. Уулзалтын төгсгөлд талууд төслийн үйл ажиллагааг бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
АЛТНЫ ХҮДЭР БАЯЖУУЛАХ БАГА ОВРЫН ҮЙЛДВЭРЭЭР ЗОЧЛОВ
Бүсийн удирдах хорооны төлөөлөгчдийн айлчлал төсөл хэрэгжиж буй Сэлэнгэ аймгийн Мандал суманд үргэлжиллээ. Мандал сумын Засаг дарга А.Дашзэвэгтэй хийсэн уулзалтын үеэр НҮБАҮХБ-ын Төсөл хариуцсан зохицуулагч Хоа Лай орон нутагт төслийн үйл ажиллагааг дэмжин ажиллаж байгаад тусгайлан талархал илэрхийлэв.
Засаг дарга бичил уурхайчдад мэдлэг олгох, чадавхжуулах, бичил уурхайг албажуулах, мөнгөн усгүй баяжуулах технологи нэвтрүүлэхэд planetGOLD Монгол төслийн оруулсан хувь нэмэрт талархаж буйгаа мөн дурдав.
Төлөөлөгчид Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Түнхэл тосгонд planetGOLD Монгол төслөөс байгуулсан алтны хүдэр баяжуулах бага оврын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа, хүчин чадал, технологийн онцлогтой танилцав. Цаг агаарын хатуу ширүүн байдал, дэлхий даяар өрнөсөн тээвэр, логистикийн хүндрэлтэй нөхцөл байдал зэрэг олон сорилтыг даван, ийнхүү үйлдвэрүүдийг амжилттай байгуулсан төслийн багийнханд талархал илэрхийлэв. Мөн тус үйлдвэрүүдийг байгуулахад төсөлтэй хамтран ажилласан “Шижир Хишиг” нөхөрлөл болон “Позитив Майнд” ХХК-д талархал илэрхийллээ.
БИЧИЛ УУРХАЙН АНХНЫ ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШОО ҮҮСГЭН БАЙГУУЛАГДЛАА
Бичил уурхайн салбарын онцлогоос шалтгаалан тус салбарт хөрөнгө оруулах сонирхол бага байдаг төдийгүй банк санхүүгийн үйлчилгээнд хамрагдах нөхцөл боломж хязгаарлагдмал байдаг. planetGOLD Монгол төслийн зүгээс энэхүү нөхцөл байдлыг сайжруулах, бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготойгоор 2019 оноос хойш ажиллаж байна. Уг зорилгын хүрээнд бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг сайжруулахад чиглэсэн тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгоны бичил уурхайчид нэгдэж “Баатар вангийн хишиг арвижих” хадгаламж, зээлийн хоршоог (ХЗХ) үүсгэн байгуулах шийдвэр гаргасан билээ. Тус ХЗХ нь Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авч 2024 оны 9-р сарын 13-нд нээлтийн арга хэмжээг зохион байгуулан үйл ажиллагаагаа албан ёсоор эхэллээ.
Нээлтийн арга хэмжээний үеэр тус ХЗХ нь хадгаламж болон зээлийн бүтээгдэхүүнүүдээ гишүүддээ танилцуулж, гишүүнээр элсэх сонирхолтой иргэдэд мэдээлэл түгээлээ. “Баатар вангийн хишиг арвижих” ХЗХ нь цаашид Мандал сумын 400 гаруй бичил уурхайчныг гишүүнээр элсүүлэхээр зорьж байна.
ХАДГАЛАМЖ, ЗЭЭЛИЙН ХОРШООНЫ ГИШҮҮД ТУРШЛАГА СУДАЛЛАА
Сэлэнгэ аймгийн анхны, улсдаа 192 дахь ХЗХ болж мэндэлсэн “Баатарвангийн Хишиг Арвижих” ХЗХ-ны гишүүд Монголын Хадгаламж зээлийн хоршоодын үндэсний холбооны дэмжлэгтэйгээр Төв аймгийн “Хас баяжих”, Өвөрхангай аймгийн “Б.Э.Х”, Архангай аймгийн “Өгийн мандал” зэрэг тэргүүлэх хоршоодын үйл ажиллагаатай танилцлаа. Улсын тэргүүний хоршоо болтлоо өсөн дэвжиж улс, орон нутагтаа иргэд хэрхэн өөрсдөө нэгдэн боломжоо бий болгох, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, эвлэлдэн нэгдэхийн хүчийг үлгэрлэн яваа энэхүү гурван хоршооны удирдлага, гишүүд хоршооны салбарт мөр зэрэгцэхээр шулуудсан шинэхэн хоршооны гишүүдийг элэгсэг дотноор хүлээн авч, өөрсдийн түүх, туршлага, сургамж, онцлог, бүтээсэн амжилтаа харамгүй хуваалцлаа.
Хоршооны нягтлан бодогч Б.Мөнхзул “Нягтлан бодогч хүний хувьд эдгээр тэргүүлэгч хоршоодоос ажлаа хэрхэн эхлүүлэх гол чиглэлийг маш сайн ойлгож авлаа. Жишээ нь, санхүүгийн сахилга баттай байж, хууль дүрмийг дагаж мөрдөх, бүтээгдэхүүнээ эхнээс нь зөв төлөвлөх нь маш чухал юм байна. ХЗХ бол 100% санхүүгийн байгууллага учир мэргэжлийн боловсон хүчин зайлшгүй шаардлагатай. Түүнчлэн үйл ажиллагаа дөнгөж эхэлж буй энэ шатанд санхүүгийн мэргэжлийн хөтөлбөрүүдийн ач холбогдлыг ойлгох хэрэгтэй” хэмээсэн юм.
Эдгээр хоршоодын туулсан зам, өнөөгийн амжилтаас харвал тэдэнд зорилгынхоо төлөө тууштай, зүрх сэтгэлээсээ хамтдаа зүтгэсэн нийтлэг нэгэн чанар байна. Мөн хоршооны эрхэмлэх зүйлс, зарчмуудаа ямагт луужин мэт удирдлага болгохын чухлыг онцолж байв.
БИЧИЛ УУРХАЙН САЛБАРААС НИЙЛҮҮЛЖ БУЙ АЛТНЫ ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГӨВ
planetGOLD Монгол төслийн Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Г.Дэлгэрмаа Монголбанкнаас эрхлэн гаргадаг "Санхүүгийн боловсрол гэж юу вэ?" подкастын шинэ дугаарт Монголбанкны дэргэдэх Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяагийн хамт оролцож, бичил уурхайн салбар, бичил уурхайн салбараас Монголбанканд нийлүүлж буй алт болоод алт олборлолтын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Энд дарж подкастыг үзнэ үү.
Knowledge Areas: