Voices
Countries:
Ахиц дэвшил хэлэлцэж, асуудлаа ч гээсэнгүй: Өрнүүн хэлэлцүүлэг, “өргөн цартай” илтгэлүүд бүхий үндэсний форум
Үнэт металл, үнэт эдлэлийн арилжаа, үйлдвэрлэлийн салбарыг олон нийтэд таниулах зорилго бүхий “Үнэт Металл, Үнэт Чулууны Арилжаа Эрхлэгчдийн Үндэсний Форум” 2023 оны 4-р сарын 12-нд болов. Хоёр дахь жилдээ зохиогдсон уг форумыг Үнэт Металлын Үндэсний Холбоо санаачилж, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк болон planetGOLD Монгол төсөл хамтран зохион байгууллаа.
“Форум боллоо, чуулган боллоо” гэдэг үг, өгүүлбэр бидний эргэн тойрон дахь мэдээ мэдээлэл дунд нэлээдгүй жин эзэлдгийг та анзаардаг биз ээ. Салбар бүр л тус тусын чиглэлээр албан үйл ажиллагаа зохион байгуулж, хуран цугласаар байна. Улиг болсон мэдээ хэдий санагдах ч бултаараа хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдгийн адилаар ийнхүү хуран чуулах, хамтран хэлэлцэхийн давуу талууд ихээхэн бий.
форум өргөн бүрэлдэхүүнтэй болов.
Олон нийтийн дунд үнэт метал олборлож буй бичил уурхайчид, түүгээр эдлэл хийж буй уран дархчууд, эдлэлийг худалдаалж буй худалдаачдыг магад өөр хоорондоо ангид мэтээр хардаг байх. Гэвч тэд үнэт металлын нийлүүлэлтийн гинжин хэлхээний гол тоглогч талууд төдийгүй Монгол Улсын хувьд багагүй тооны хүнийг орлоготой нь залгуулж, аж амьдралынх нь үндэс суурь болж байна.
Тиймдээ ч planetGOLD Монгол төсөл нь алтны нийлүүлэлтийн сүлжээний оролцогчид нэгэн дээвэр дор цуглаж, тулгарч буй бэрхшээлүүдээ тодорхойлж, гарц, шийдлээ хэлэлцэх чухал арга хэмжээ болох үнэт металлын салбарын анхны форум болон экспог 2022 оноос эхлэн дэмжин ажиллаж, холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан билээ. Энэ жилийн форумд үнэт металл олборлогч иргэд, нөхөрлөлөөс эхлээд уран дархчууд, худалдаалагчид, холбогдох төрийн бодлого тодорхойлогч болон зохицуулагч байгууллагын төлөөлөл бүхий 60 гаруй оролцогчид ирж, өргөн бүрэлдэхүүнтэй боллоо.
Форумын эхний хэсэгт илтгэлүүд танилцуулж, хоёр дахь хэсэгт олон талт төлөөлөл бүхий хэлэлцүүлэг өрнөлөө. Илтгэлүүд нь хүдэр боловсруулах цехүүдийн үйл ажиллагаанаас эхлэн бичил уурхайн салбарт тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх бодит алхмуудын талаар онцлов. Түүнчлэн мөнгө угаах гэмт хэрэг уг салбартай хэрхэн холбогдож байгаа, цаашид үүнийг зохицуулах арга хэмжээ авахгүй байх нь ямар эрсдлүүдийг дагуулж болох талаар ч мөн яригдав. Үүн дотроос planetGOLD Монгол төслийн Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Г.Дэлгэрмаагийн “Бичил уурхайгаар олборлосон алтны гарал үүслийн бүртгэл ба өнөөгийн нөхцөл байдал” сэдэвт илтгэл оролцогчдын анхаарлыг нэлээдгүй татав. Г.Дэлгэрмаа илтгэлдээ алтны нийлүүлэлтийн сүлжээнд холбогдох хууль эрх зүйн актууд, тэдгээрийн харилцан үйлчлэл болоод зохицуулалтад ямар “цоорхой” байгааг товч ойлгомжтой тайлбарлалаа. Түүний сацуу хууль эрх зүйн актуудад байгууллага хоорондын мэдээлэл бүртгэлийг нарийн заагаагүй, гарал үүслийг мөшгөх боломжийг бүрдүүлээгүй байгаа нь хууль бус арилжаа явагдах боломж үүсгэж байгаа маш том сөрөг талтайг онцлон дурдсан.
Мөн Санхүүгийн зохицуулах хорооны хянан шалгагч А.Уянга “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл, чиг хандлага” сэдэвт илтгэлдээ Монгол Улс дотооддоо үнэт металл, үнэт чулууны салбарт мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд зөвхөн төрийн зохицуулагч байгууллагаас гадна салбарын оролцогчид, мэргэжлийн холбоодын үүрэг ихээхэн ач холбогдолтойг онцлон дурдсан юм.
Түүнчлэн илтгэлүүд болон хэлэлцүүлгийн үеэр өнгөрсөн 2022 онд Засгийн газраас баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” нь оролцогчдын голлон ярилцсан сэдвийн нэг байлаа. planetGOLD Монгол төслийн баг уг журмын төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан бөгөөд журам батлагдан хэрэгжиж буйд сайшаалтай байгаагаа мөн хэлэлцүүлгийн үеэр онцолж, энэ журам хэрхэн бодит байдалд биеллээ олж хэрэгжих талаарх санал бодлуудаа хуваалцсан юм.
Панел хэлэлцүүлгийн хувьд “Төрийн байгууллагуудын зүгээс салбарын оролцогчдын өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд оролцох боломж арга зам” сэдвээр зохион байгуулагдав. Хэлэлцүүлэгт төрийн байгууллага болоод төрийн бус байгууллагуудыг төлөөлсөн нийт 10 панелист оролцсон нь үнэт металлын салбарын цар хүрээ, онцлогийг илтгэж байлаа.
Панелистууд Ашигт малтмалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бичил уурхайн асуудлыг тусгаагүй талаар онцлон дурдаж, энэ зохицуулалт дутсанаас салбарт төдийгүй эдийн засагт гарч болох сөрөг үр дагавруудыг өөр өөрсдийн байгууллага, холбооны үйл ажиллагааны хүрээнд онцлон дурдаж байлаа.
Тухайлбал, Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчтэй харилцах газрын Эрдэс баялгийн хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Батцэнгэл “Уг нь бичил уурхай гэх нэр томьёо хуульд байх нь зүйн хэрэг юм. Бичил уурхайг хуульчилсан байхад буюу 2010-2011 оны үед тус салбараас 34,9 сая төгрөг, 2012 онд 100 сая төгрөг тус тус татварт хурааж байсан бөгөөд энэ үед бичил уурхайчдын татварын хамрагдалт 80-90 хувьтай байсан. Өөрөөр хэлбэл хууль эрх зүйн орчин тодорхой байсан тул бид татвараа аваад, бичил уурхайчид татвараа төлөөд явж байсан. Энэ нь татварын байгууллагад ч амар байсан. Гэтэл 68%-ийн татварын асуудал гарч ирж, улмаар Монголбанканд тушаасан алтны хэмжээ эрс буурсан. Тэгэхээр энэ салбар нь өөрөө стратегийн салбар болох нь илт харагдаж байгаа юм” хэмээн онцлон хэлэв.
Мөн planetGOLD Монгол төслийн Орон нутаг хариуцсан зохицуулагч Д.Хишгээ “Хууль боловсруулагчдын зүгээс бичил уурхайн асуудлыг Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн тусгах талаар тодорхой шийдэл гараагүй байгаа тул хуулийн төсөлд тусгаагүй гэх байр суурь илэрхийлж байгаа нь олон асуудлыг араасаа дагуулна. Өөрөөр хэлбэл Монгол Улс бичил уурхайгаар огт алт олборлогдохгүй болсон, мөн энэ салбараас алт нийлүүлэгдэхгүй гэж үзэж байгаа юм уу? Хэрэв тийм бол бичил уурхайг орлох ажлын байр орон нутагт шийдэгдсэн үү? гэх мэт асуултад маш тодорхой хариулт, шийдэл байх ёстой. Хэрэв бүр мөсөн хориглох гэж байгаа бол хууль бус үйл ажиллагаа явагдахгүй байх баталгааг мөн бодолцох хэрэгтэй. Хууль бусаар олборлогдсон, гарал үүсэл нь тодорхой бус алт нийлүүлэлтийн сүлжээнд орсноор манай улс ФАТФ буюу Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллагын саарал жагсаалтад орох эрсдлийг нэгээр нэмнэ. Иймд уг хуулийн төсөлд бичил уурхайн зохицуулалтыг оруулах нь олон сөрөг үр дагавраас сэргийлнэ” гэж онцлов.
Түүнчлэн хэлэлцүүлгийн үеэр салбар салбарын төлөөлөгчид ач холбогдол бүхий олон талт мэдээлэл солилцов. Тухайлбал, үнэт металлаар хийсэн үнэт эдлэлийн татварын асуудал, гаалийн бичиг баримтын бүрдүүлэлтүүд, алт цэвэршүүлэх, сорьцлох асуудал, салбарын нэгдсэн үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг олон хүрээний сэдвүүдийг хамруулан хэлэлцсэн юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид энэхүү арга хэмжээ нь салбарт тулгамдаж буй асуудлыг талууд хамтран ярилцах, шийдэл хайх үр дүнтэй талбар болж чадсан гэж дүгнэж байлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд мөн форумын талаар онцлон сонирхож, сурвалжилж байлаа. planetGOLD Монгол төслийн Менежер Б.Алтанбагана Блүүмберг Монгол телевизэд өгсөн ярилцлагадаа Монгол Улсын эдийн засагт бичил уурхайн салбарын үзүүлэх нөлөө болоод алтны үйлдвэрлэл дэх магадлан шинжилгээний талаар онцолсон юм. Сэтгүүлчид мөн алтны гарал үүслийн бүртгэлийн тодорхой бус байдлаас үүдэн ФАТФ-ын саарал жагсаалтад орох эрсдэл хэрхэн нэмэгдэх, мөн бичил уурхайн салбарыг албажуулах үйл явц ямар шатандаа байгаа талаар онцлон тодруулж байв.
Өнгөрсөн жилийн буюу анхны форумаар салбарынхан бичил уурхайн салбарыг зохицуулах журмаа батлуулчихвал нийлүүлэлтийн сүлжээнд ахиц авчирна гэж байсан бол өнөө жил салбарын хууль тогтоомжууд, бусад өөр асуудлыг өргөн хүрээнд хэлэлцсэн нь үнэт металлын салбарт дорвитой өөрчлөлт гарч, салбар өөрөө хөгжиж буйн илрэл гэж харагдаж байна. Оролцогчдын зүгээс ирэх жил гуравдугаар форумаар өнөөдрийн ярьсан яриагаа давуулан биелүүлсэн, харилцан ойлголцол улам бүр сайжирсан, хамтын ажиллагаа өргөжин тэлсэн байх хүлээлттэйгээр форумыг өндөрлүүлсэн юм.
Боловсруулагчаас борлуулагч хүртэлх үнэт металлын салбарынхан гоёлоо дэлгэж, соёлоо танилцуулав
Үнэт Металл, Үнэт Чулууны Арилжаа Эрхлэгчдийн Холбооны санаачилгаар "Монголын Үнэт Металл, Үнэт Эдлэлийн Нэгдсэн Экспо"-г 2023 оны 4 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Соёлын яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Стандарт хэмжил зүйн газар, planetGOLD Монгол төсөл болон "Мишээл Экспо" ХХК хамтран зохион байгуулсан юм.
Энэхүү экспод Соёлын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сорьцын хяналтын газар, Үнэт Металлын Үндэсний Холбоо, Монголын Бичил Уурхайн Нэгдсэн Дээвэр Холбоо, planetGOLD Монгол төсөл, үнэт эдлэл үйлдвэрлэгчид, худалдаалагчид, гадны брэндүүдийн албан ёсны борлуулагчид, зэрэг төрийн холбогдох байгууллагууд, төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл бүхий 60 орчим байгууллага оролцлоо. Түүнчлэн зураач Б.Отгонтүвдэн соёлын өвийг харуулсан бүтээлүүдээ дэлгэн тавьж, үзэсгэлэнд оролцогч иргэд, байгууллагууд бараа бүтээгдэхүүндээ 50 хүртэл хувийн хөнгөлөлт үзүүлэх зэргээр тус экспод онцлог зүйлс олон байв.
Гоёл чимэглэлийн зүйлс, алт, мөнгөн эдлэл хэрэгсэл худалдан авах, сонирхохоор ирсэн зочдын хувьд үнэт металл олборлогчдын төлөөлөлтэй уулзах, үнэт металлаар урласан хосгүй нандин бүтээлүүд, соёлын өвийн бүтээлүүдийг үзэж сонирхох, цаашлаад төрийн холбогдох байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах боломж олгож байсан тул энэхүү экспо нь онцлог содон сэтгэгдэл төрүүлж байлаа.
Алт, үнэт металл олборлож буй уурхайчин, лангуун дээр зарагдаж буй алтан гоёл хоёрын хооронд хэдий тооны хүмүүс ажил хөдөлмөр эрхэлж буйг тодхон харуулж чадсан нь энэхүү үзэсгэлэнгийн нэн чухал давуу тал байв.
planetGOLD Монгол төслийн хувьд төслийн хэрэгжилтийн хүрээнд эрхлэн гаргасан ном товхимол, бодлогын тайлангуудаа нийтэд дэлгэн тавьсан нь үзэсгэлэнд оролцогчдын сонирхлыг ихээр татаж байлаа. Мөн төслийн асарт зочлон ирэгсэд бичил уурхайн салбарыг хэрхэн харж дүгнэдгээ илэн далангүй илэрхийлж байсан нь талархууштай байв. Төслийн зүгээс бичил уурхайн салбарын талаар төрөл бүрийн хандлагатай зочидтой шударга яриа өрнүүлж, салбарын ач холбогдол болоод төслөөс хэрэгжүүлж буй арга хэмжээг сайтар таниулан тайлбарлахыг хичээж байлаа. Энэхүү ярианы дараачаар зочдын хандлага эергээр өөрчлөгдөж буй нь харагдаж байв. Түүнчлэн нэлээдгүй зочид төслийн зүгээс Сэлэнгэ аймгийн Мандал сум болон Түнхэл тосгонд барьж буй хүдэр баяжуулах мөнгөн усгүй цехийн талаарх мэдээллийг талархан хүлээн авч байлаа.
planetGOLD Монгол төслийн баг салбарын оролцогчидтой нэг дор хуран цуглаж, тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг төр болон олон нийтэд сурталчлан таниулах, борлуулахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий энэхүү экспог хамтран зохион байгуулж, салбарын өнгө төрхийг мэдэрсэндээ, олон нийтийн хандлага, үзэл бодолтой биечлэн танилцсандаа талархалтай байна.
Knowledge Areas: