newsletter 2023 q4

planetGOLD Монгол төслийн цахим товхимлын шинэ дугаар

News

25 January 2024

Countries:

planetGOLD Монгол төслийн цахим товхимлын шинэ дугаар

Бид алтны бичил уурхайн үйл ажиллагааг албажуулах, уг салбарт мэргэжлийн хандлагыг бий болгох, улмаар бичил уурхай дахь мөнгөн усны далд хэрэглээг халахад хувь нэмэр оруулах зорилгоор төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, мөн бичил уурхайчид, худалдаачид, боловсруулагчид зэрэг алтны нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч талуудтай хамтран ажиллаж байна. Бичил уурхайг албажуулж, хариуцлагатай үйл ажиллагааг дэмжин бодлого зохицуулалтын орчныг сайжруулснаар орон нутгийн эдийн засаг, иргэдийн амьжиргаанд эерэг өөрчлөлтийг бий болгож, байгаль орчин, хүний эрүүл мэндэд учруулж буй сөрөг нөлөөллийг багасгах боломжтой юм. Та бүхэн төслийн үр дүн, үйл ажиллагааны талаарх мэдээллийг Facebook, Twitter/X, болон LinkedIn хаягаас авна уу.

Энэ удаагийн товхимолд дараах мэдээллийг багтаалаа:

  • “Бичил уурхайн бүсийн зөвлөгөөн”-өөр Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг онцлов
  • Бичил уурхайчид нөхөн сэргээлтийн чиглэлээр цогц сургалтад хамрагдав
  • Жендэрийн идэвхтнүүдийн санаачилгыг дэмжин ажиллав
  • Санхүүгийн хүртээмж, албан ёсны худалдааны талаар ойлголт, мэдээлэл түгээлээ
  • Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцод оролцогч талуудын 5 дугаар бага хуралд амжилттай оролцов
  • "Химийн хорт болон аюултай бодисын мэдээллийн сан" ашиглалтад орлоо

Манай товхимлыг таалан болгооно уу!

“БИЧИЛ УУРХАЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН”-ӨӨР АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ОНЦЛОВ

planetGOLD Монгол төсөл нь холбогдох төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, бичил уурхайн төлөөллүүдтэй хамтран Ховд, Говь-Алтай, Сэлэнгэ аймагт бичил уурхайн бүсийн зөвлөгөөн зохион байгуулав. Зөвлөгөөнд оролцогч талууд бичил уурхайн өнөөгийн нөхцөл байдал, тулгарч буй бэрхшээл, эрх зүйн зохицуулалт, хариуцлагатай үйл ажиллагааг төлөвшүүлэх талаар санал солилцож зөвлөгөөнөөс гарсан санал зөвлөмжийг холбогдох талуудад хүргүүлэхээр болов. Тус зөвлөгөөнийг зохион байгуулахад БОАЖЯ, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо (МБУНДХ) идэвхтэй хамтран ажиллав.

Энэхүү зөвлөгөөний халуун сэдэв нь УИХ-аар батлуулахаар зэхэж буй Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл байв. Учир нь уг хуулийн төсөлд бичил уурхайн холбогдох заалт тусгагдаагүй хэвээр байгаа юм. Өдгөө ч орон нутагт иргэдийн амьдралыг залгуулах бас нэгэн эх үүсвэр болж буй бичил уурхайн асуудлыг зохицуулалтгүй орхих нь олон сөрөг үр дагавар дагуулахыг оролцогч талууд онцолж байв.

бүсийн зөвлөгөөн
Сэлэнгэ аймагт болсон зөвлөгөөний панел хэлэлцүүлэг

Алтны бичил уурхай нь алтны нийлүүлэлтийн сүлжээний нэгэн тоглогчийн хувьд Монголбанканд “цэвэр” алт нийлүүлэгдэх гарал үүслийн баталгаажилтыг бий болгоход  ихээхэн хамааралтай тал юм. Иймд бичил уурхайг алтны нийлүүлэлтийн сүлжээний оролцогч тал гэдгийг хүлээн зөвшөөрөх, үүнд тохирох зохицуулалт хийх, албан ёсны үйл ажиллагааг дэмжих нь бичил уурхайгаас бий болох давуу тал, цаашлаад олон боломжийг нээх үүд хаалга болохыг Сэлэнгэ аймагт болсон зөвлөгөөнөөр талууд онцоллоо.  Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөс бичил уурхайн холбогдох заалтыг хасах нь салбарт ажиллаж буй мянга мянган хүний амь амьжиргааг үгүй хийх, хууль бусаар газрын хэвлийд халдах гэмт хэргийг ихэсгэх, байгаль орчны доройтлыг улам муутгах эрсдэлтэйг оролцогчид онцлов.

зөвлөгөөнд оролцогчид
Зөвлөгөөнд оролцогчид

Хуулийн хүрээнд бичил уурхайн үйл ажиллагааг хориглох нь дээр дурдсан сөрөг үр дагавраас гадна Монгол Улс дахин ФАТФ-ын “Саарал жагсаалт”-д эргэн орох, түүнчлэн 2015 онд Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болох зэрэг томоохон эрсдэлүүд ч хүлээж буйг зөвлөгөөний үеэр дурдав. 

Төслийн зүгээс дээрх 3 цуврал бүсийн зөвлөгөөний дүгнэлт, хэлэлцсэн асуудлыг нэгтгэн, Англи, Монгол хэл дээр нийтлэл бэлтгэн, Монголын уул уурхайн салбарын тэргүүлэх сэтгүүл болох Mining Insight сэтгүүлд нийтлүүлэв.

БИЧИЛ УУРХАЙЧИД НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ЦОГЦ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

planetGOLD Монгол төсөл алтны бичил уурхайн салбарын албажуулалт, мэргэшүүлэлтийг дэмжих зорилтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал сумын бичил уурхайчдад зориулан нөхөн сэргээлтийн чиглэлээр цогц сургалт зохион байгуулав. Сургалтын эхний хэсэгт бичил уурхай эрхлэгчийн байгаль орчны үүрэг болох нөхөн сэргээлт хийх аргачлалын талаар суралцаж, нөхөн сэргээх талбайн зураглал хийж, төлөвлөгөөнд тусгасан байх гол ажил, зардлуудыг тодорхойлох дадлага хийв.

Уг аргачлал нь уурхайн мөчлөг дагуу тухайн орон нутгийн байгаль, экологийн онцлогт тохирсон, үр ашигтай арга техникүүдийг ашиглан нөхөн сэргээлтийг гүйцэтгэхэд гарын авлага болж өгдгөөрөө бичил уурхайчдын хувьд чухал ач холбогдолтой. Түүнчлэн бичил уурхайн нөхөрлөл нь ашигт малтмал олборлох үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлэхтэй зэрэгцэн хөндсөн газраа нөхөн сэргээх үүрэг давхар хүлээдэг тул энэхүү сургалтын ач холбогдол өндөр байлаа.

Нөхөн сэргээх
Сургалтад оролцогчид нөхөн сэргээх талбайн зураглал хийж буй нь

Цогц сургалтын хоёр дахь хэсэгт бичил уурхайчид “Мод тарих, мод үржүүлгийн туршлага” сэдэвт сургалтад хамрагдаж, мод тарих, арчлах, үржүүлэх аргачлал төдийгүй модны аж ахуйн кластер бизнесийн боломж сэдвээр мэдлэгээ тэллээ. Мөн сургалтын хүрээнд мод үржүүлгийн газарт зочилж мод тариалах, үржүүлэх, залгаж ургуулах аргад суралцав. Онол болон талбайн дадлага хослуулсан энэхүү сургалтаар бичил уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах мод, тарьцыг өөрсдөө бэлтгэж, нийлүүлэх, ногоон бизнес эрхэлж ашиг орлого, амьжиргааны эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд шаардлагатай мэдлэгийг олж авсан үр өгөөж арвинтай сургалт болсныг бичил уурхайчид онцолж байлаа.

мод үржүүлэг
Оролцогчид мод үржүүлгийн газарт зочилж байна

ЖЕНДЭРИЙН ИДЭВХТНҮҮДИЙН САНААЧИЛГЫГ ДЭМЖИН АЖИЛЛАВ

Төслийн зүгээс 2022 онд төслийн зорилтот аймгуудад хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг таниулан сурталчлахад дэмжлэг үзүүлэхээр Жендэрийн идэвхтэн бичил уурхайчдыг сургасан билээ. Тэдгээр жендэрийн идэвхтний орон нутагтаа хэрэгжүүлэх жендэрийн чиглэлийн санаачилгыг нь дэмжих зорилгоор төслийн зүгээс энэ онд бичил төслүүдийг сонгон шалгаруулж, хамтран ажиллав. Уг ажлын хүрээнд Сэлэнгэ аймгаас Жендэрийн идэвхтэн Д.Туяа шалгарсан бөгөөд тэрээр “Чин сэтгэл” сэдэвт хоёр үйл ажиллагаа бүхий бичил төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм. Эхний үйл ажиллагааны хүрээнд Мандал сум болон Түнхэл тосгоны 30 бичил уурхайчныг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамрууллаа. Бичил уурхайчдыг эрүүл мэндийн цогц үзлэг оношилгоонд хамруулж, холбогдох зөвлөмж, дараагийн шаардлагатай алхмын талаарх мэдээллийг эмч, холбогдох мэргэжилтнүүд өгч ажилласан нь бичил уурхайчдын талархлыг ихэд хүлээсэн.

Түүнчлэн бичил төслийн хүрээнд “Эртэч Хараачууд” сэдэвт өглөөний уулзалт зохион байгуулж, орон нутгийн удирдлагууд болон бичил уурхайчид тулгамдаж буй асуудлуудаа нээлттэй  ярилцах, хамтын шийдэл эрэлхийлэх боломжийг бүрдүүлж өгсөн ач холбогдол өндөртэй уулзалт болов.

САНХҮҮГИЙН ХҮРТЭЭМЖ, АЛБАН ЁСНЫ ХУДАЛДААНЫ ТАЛААР ОЙЛГОЛТ, МЭДЭЭЛЭЛ ТҮГЭЭЛЭЭ

Төслийн зүгээс бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт хүсэх чиглэлд дараах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэв.

Монголбанктай хамтран “Бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт уулзалт зохион байгуулж, уулзалтад Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоо болон арилжааны 6 банкны төлөөлөл бүхий 20 гаруй оролцогч оролцов. Уулазлтаар бичил уурхайчдын санхүүжилт авах хэрэгцээ хаана гардаг, тэдэнд ямар бэрхшээл тулгардаг, түүнчлэн арилжааны банкуудын зүгээс бичил уурхайчдад чиглэсэн хүртээмжтэй санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Оролцогчдын зүгээс бичил уурхайд хөрөнгө оруулах хамгийн том саад бэрхшээл нь эрсдэлийн түвшин гэдгийг онцолсон бөгөөд арилжааны банкууд бичил уурхайн салбарт чиглэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахын тулд эрсдэлийг саармагжуулах батлан даалтын сантай болох болон төрийн байгууллагуудын оролцоо дэмжлэг хэрэгтэй талаар саналаа илэрхийлэв.

банкуудын уулзалт
“Бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг сайжруулах нь” сэдэвт уулзалтын үеэр
 

Түүнчлэн planetGOLD Монгол төсөл бичил уурхайчдын хөрөнгө оруулалтын боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Хөрөнгө оруулалтын цогц төлөвлөгөө боловсруулж эхний ээлжинд зорилтот бүс нутаг болох Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Шижир Хишиг Нөхөрлөл”-д гардуулан өглөө. Хөрөнгө оруулалт татах зорилготой уг төлөвлөгөө нь нөхөрлөлийн  цаашдын хөгжих дэвших үйлсэд нь маш чухал түлхэц, дэмжлэг болохуйц баримт бичиг юм.

Төслийн зүгээс алтны нийлүүлэлтийн сүлжээ болоод гарал үүслийн ил тод байдлын ач холбогдлыг олон нийтэд таниулах, түүнчлэн хариуцлагатай бичил уурхайчдыг дэмжих, тэдний хууль, журмын дагуу хэрхэн ажилладаг болохыг таниулах зорилгоор дараах 2D анимэйшн бүтээлээ.

 

МӨНГӨН УСНЫ ТУХАЙ МИНАМАТАГИЙН КОНВЕНЦОД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН 5 ДУГААР БАГА ХУРАЛД АМЖИЛТТАЙ ОРОЛЦОВ

Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцод оролцогч талуудын 5 дугаар бага хурал 2023 оны 10 сарын 30-наас 11 сарын 4-ний өдрүүдэд Швейцар Улсын Женев хотод болж, конвенцод нэгдэн орсон улсуудын төлөөлөгчид, НҮБ-ын салбар байгууллагууд болон холбогдох ТББ-уудын төлөөлөл зэрэг 800 гаруй оролцогч оролцов. Монгол Улсыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд, planetGOLD Монгол төслийн Удирдах хорооны дарга М.Ганбаатар болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо. Түүнчлэн planetGOLD хөтөлбөрийн төлөөлөл болон planetGOLD Монгол төслийг гүйцэтгэгч Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөлийн төлөөлөгчид тус тус оролцож, төслийн төдийгүй planetGOLD хөтөлбөрийн үйл ажиллагаа, хэрэгжилтийн талаар мэдээлэл хүргэх, туршлага солилцох үр өгөөж, ач холбогдол өндөртэй уулзалт, хурлуудад амжилттай оролцов.

коп
Монгол Улсыг төлөөлж Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд, planetGOLD Монгол төслийн Удирдах хорооны дарга М.Ганбаатар болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо

planetGOLD Монгол төслийн орон нутаг хариуцсан зохицуулагч Д.Хишгээгийн 5 дугаар бага хурлын талаарх сэтгэгдлийг дараах холбоосоор уншина уу.

Минаматагийн конвенцод оролцогч талуудын 5 дугаар бага хурлын талаарх эргэцүүлэл: planetGOLD Монгол төслийн орон нутаг хариуцсан зохицуулагч Д.Хишгээ | planetGOLD

"ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫН МЭДЭЭЛЛИЙН САН" АШИГЛАЛТАД ОРЛОО

БОАЖЯ-наас Монгол Улсад хэрэглэгдэж буй бүх химийн хортой болон хоргүй бодисын нэгдсэн суурь бүртгэл хийх, Монгол Улсын хилээр нэвтэрч буй бүх химийн бодисын шилжилт хөдөлгөөнийг бүртгэн хянах, мөн химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, Монгол Улсын хилээр дамжуулан тээвэрлэх болон үйлдвэрлэх, хадгалах, худалдах, тээвэрлэх, ашиглах тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимаар явуулах, химийн бодисын удирдлагыг сайжруулах зорилгоор “Химийн хорт болон аюултай бодисын мэдээллийн сан”-г ашиглалтад орууллаа. planetGOLD Монгол төсөл нь алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг бууруулах зорилгынхоо хүрээнд төдийгүй Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцын хэрэгжилтийг дэмжих зорилгоор тус системийн хөгжүүлэлтэд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллав.

Уг мэдээллийн санд химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжүүдийн жагсаалт, химийн хорт болон аюултай бодисын мэдээлэл, мөн холбогдох мэдлэгийн бүтээгдэхүүн, тайлангуудыг багтаасан. Төслийн зүгээс болон төслийг гүйцэтгэгч Канад Улсын Алтны бичил уурхайн зөвлөлөөс эрхлэн гаргасан мэдлэгийн бүтээгдэхүүнүүд болон холбогдох мэдээ мэдээллийг тус мэдээллийн санд мөн байршууллаа.

Add new comment

Your email will not be displayed publicly.

CAPTCHA