News
22 October 2024
Countries:
planetGOLD Монгол төслөөс Сэлэнгэ, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайн баяжуулах цехүүдийн төлөөллийг урьж, 2024 оны 10-р сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төслөөс байгуулсан “Мөнгөн усгүй алтны хүдэр баяжуулах цех”-тэй танилцах, туршлага судлах сургалт зохион байгуулав.
Сургалтын хүрээнд үндсэн ордын алтны хүдэр баяжуулалтын технологиуд, тэдгээрийн давуу болон сул тал, Монгол оронд зохицох байдлын талаар төслөөс хэрхэн судалсан тухай мэдээлэл өгөв. Мөн төслийн зүгээс Мандал суман дахь цехүүдийн дунд сонгон шалгаруулалт явуулсан тухай болон шалгарсан нөхөрлөлүүдтэй хамтарч мөнгөн усгүй баяжуулалтын технологи, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилтыг хэрхэн явуулж, цех байгуулсан тухай, мөн planetGOLD шалгуур болон тулгарсан сорилтуудын тухай дэлгэрэнгүй танилцуулав. Түүнчлэн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй холбоотой асуудлын талаар мэдээлэл өгч, туршлага хуваалцлаа.
Оролцогчид сургалтын дараа төслийн хүрээнд байгуулсан Мандал сумын “Шижир Хишиг” нөхөрлөлийн алтны хүдэр баяжуулах цехийн технологи, үйл ажиллагаатай биечлэн танилцав. Аймаг тус бүрээс ирсэн цехийн төлөөлөл өөр өөрсдийн цех байгуулсан, ажиллуулж буй туршлагаас хуваалцаж, “Шижир Хишиг” нөхөрлөлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийн талаар нарийвчлан мэдээлэл авлаа.
Түүнчлэн оролцогчдод Мандал сумын Түнхэл тосгонд “Түнхэл Манлай” нөхөрлөлтэй хамтран байгуулсан баяжуулах үйлдвэрийг виртуал-реалит хувилбараар танилцуулав.
Ховд аймгийн Алтай сумын “Алтайн Цонж Говь” нөхөрлөлийн тэргүүн Ц.Сүхбаатар “Төслөөс байгуулсан уг үйлдвэр бичил уурхайчдад үнэхээр үр өгөөж өндөртэй бүтээн байгуулалт болсныг нүдээр үзлээ. Мандал сумын бичил уурхайчид ийнхүү метал авалтын түвшин өндөр, дэвшилтэт тоног төхөөрөмжтэй энэ шинэ цехээр үйлчлүүлснээр тэдний амьжиргаанд ихээхэн дэмтэй гэж харж байна. Мөн технологийн хувьд элдэв химийн бодис ашиглахгүй дэвшилтэт технологи суурилуулсан нь байгаль орчны талаас хал багатай тул Мандал сумын уурхайчдын өмнөөс маш их баяртай байна. Манай аймагт ийм сайхан бүтээн байгуулалт хийгдээсэй хэмээн хүсэж байна” гэж сургалтын дараа онцлон хэллээ.
Knowledge Areas: