Tunkhel Mongolia horses

Монгол Улсад хариуцлагатай бичил уурхайн хөгжлийг түүчээлэгч Түнхэл тосгон

Voices

Countries:

  • Namuun Tsegmid
    Мэдээлэл, харилцааны ажилтан, planetGOLD Монгол төсөл

 

Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт орших Түнхэл тосгон нь Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос 150 км-ийн зайд байрладаг бөгөөд 3,042 хүн амтай. 1960-аад онд мод бэлтгэлийн үйлдвэрт түшиглэн байгуулагдсан Түнхэлийн газар нутгийн 80%-ийг ойн бүс эзэлнэ. 

Tunkhel Villege, Mongolia
Түнхэл тосгон

1990-ээд оны эхээр Монгол улсад өрнөсөн улс төрийн болоод эдийн засгийн шилжилтийн үеийн хямрал нь мод бэлтгэлийн аж ахуйгаас бүрэн хамааралтай байсан тосгоны эдийн засагт нөлөөлж, хямрал нүүрлэв. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц өрнөж эхлэхэд төрийн өмчит мод бэлтгэлийн үйлдвэрүүд хаагдаж, нутгийн иргэд орлогын өөр эх үүсвэрийг эрэлхийлэх болов. Ажлын байрны тоо хомсдож, иргэд нь ойролцоох уул уурхайн компанийн алтны шороон орд дээр ажиллаж эхлэхэд хүрсэн юм. Ийнхүү Түнхэл тосгонд алтны бичил уурхай бий болох суурь тавигджээ.

2007 оны үеэс эхлэн, өдгөө, албан ёсоор бичил уурхайн үйл ажиллагаа явагдаж буй Булаг олборлолтын талбайн ойролцоо газрын дүгнэлт, албан гэрээгүйгээр үндсэн орд ашиглах болсон байна. Удаан хугацааны нөр их чармайлтын үр дүнд албажуулах үйл явц ахицтай байж, 2019 онд гэхэд албан ёсны газрын дүгнэлт гаргуулж чадсан байна. Түнхэл тосгоны бичил уурхайчид албан ёсны зөвшөөрөл авах хүртлээ олон нийтээс үзүүлэх сөрөг хандлага, хуулийн шийтгэл, гэмт этгээдүүдийн заналхийлэл, санхүүгийн бэрхшээл, уул уурхайн том компаниудтай үүсэх маргаан, хууль бус байдлаас үүдэн гарах бусад бэрхшээлүүдтэй  тулгарч байсан юм.

Miner in shaft Tunkhel Mongolia
Бичил уурхайчин 9 метрийн гүнд ажиллаж байгаа нь

Түнхэл тосгоны бичил уурхайчид Баатар Вангийн Хишиг төрийн бус байгууллагын дор эвлэлдэн зохион байгуулагджээ. Тус ТББ нь 2010 онд байгуулагдсан цагаасаа хойш бичил уурхайчдыг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулж, газрын зөвшөөрөл хүсэх, засаг захиргаатайгаа гэрээ хийх зэргээр үйл ажиллагаагаа албажуулах, нөлөөллийн бусад ажлуудыг тууштай, идэвх зүтгэлтэй хийсээр иржээ. Өдгөө Баатар Вангийн Хишиг ТББ нь 22 эмэгтэй, 152 эрэгтэй бичил уурхайчин буюу нийт 15 нөхөрлөлийн 186 гишүүнийг зохион байгуулан ажиллаж байна. Тус ТББ нь өнгөрсөн арван жилийн турш бичил уурхайн үйл ажиллагаа эрхлэхдээ нэг ч осол эндэгдэл гаргаагүйгээрээ бахархдаг. Цаашдаа хариуцлагатай бичил уурхайн талаарх ойлголтыг гишүүддээ өгөх, үйл ажиллагаандаа хэвшүүлэх, бататгах зорилготой. Тэд хууль бус бичил уурхайчдыг олборлолтын талбайдаа оруулахгүйн тулд хашаа барьж, олборлолт хийхээ больсон хуучин амнуудыг тогтмол булж, дүүргэлт хийх замаар нөхөн сэргээж, осол гэмтлээс сэргийлж байна. Баатар Вангийн Хишиг ТББ-ын үйл ажиллагааны үр дүн нь гишүүд төдийгүй тэдний гэр бүл, нутгийн иргэдийн амьжиргаанд нөлөөлж, орон нутгийн худалдаа, үйлдвэрлэлд ч үр өгөөжөө өгч байдаг. Түнхэл тосгонд бичил уурхайн үйл ажиллагаа идэвхтэй бөгөөд тогтвортой явагдсанаар орон нутгийн эдийн засагт томоохон түлхэц болж, дэлгүүр, үйлчилгээний байгууллагуудын борлуулалт, орлого нэмэгддэг болох нь нутгийн иргэдэд мэдрэгддэг.

Баатар вангийн хишиг ТББ-ын Гүйцэтгэх захирал Далийгийн Мягмарсүрэн “Би энэ газар нутгаа хууль бус бичил уурхайчдад сүйтгүүлэхгүй. Харин уурхайн үйл ажиллагааг зөв зохистой эрхлэн, нөхөн сэргээлтийн ажлыг хугацаанд нь хийж, бичил уурхайчдын ахуй амьдрал дээшилж, үр өгөөж хүртээсэй, орон нутгийн эдийн засгаа дэмжих юмсан гэсэн зорилгоор өөрийгөө дайчлан ажиллаж байна” гэв. Тэр одоо 58 настай. Түнхэл тосгоны уугуул иргэн,  хүнсний технологич мэргэжилтэй. Залуу насандаа сумын хүнсний үйлдвэрт ажиллаж байжээ. Д.Мягмарсүрэн эдийн засгийн шилжилтийн улмаас ажил, орлогогүй болсон тул 2000-аад оны эхэн үеэс орлогын эх үүсвэр хайн нөхрийнхөө хамт алт олборлох болжээ. Тэрээр 2000-аад оны эхээр хүрз, жоотуу зэрэг хамгийн энгийн багаж хэрэгсэлтэй бичил уурхай эрхлэхээр эхэлж байснаа дурссан юм. Тэр үед нөхрөө босоо амруу механик өргөгчөөр доош нь буулгаад, хувинтай буталсан хүдрийг нь мөн л өргөгчөөр татаж дээш гаргадаг байсан тухайгаа ярив. Түүний үйл ажиллагаагаа хариуцлагатай явуулах эрмэлзэл, ажлаа чанартай хийдэг зүтгэлийг хамт олон нь үнэлж итгэл хүлээлгэн гурван жилийн өмнө ТББ-ын Гүйцэтгэх захирлаар сонгон томилсон байна. Тэрээр одоог хүртэл үүрэгт ажлаа хариуцлагатайгаар гүйцэтгэж байна. Олборлолтын талбайд зохион байгуулагчийн ажлыг тогтмол хийхийн зэрэгцээ албан ёсны бүртгэлтэй нөхөрлөлүүдийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг аж. Гишүүдийнхээ нэрсийг бүгдийг нь цээжээр мэддэг, тэдэнд нөхөрсгөөр зааж зөвлөдөг учраас бусад бичил уурхайчид ч түүнийг ихээхэн хүндэлдэг.

Ms. Myagmarsuren Dalii
Баатар Вангийн Хишиг ТББ-ын Гүйцэтгэх захирал Д.Мягмарсүрэн

Сүүлийн арваад жил Түнхэлийн бичил уурхайчид зэргэлдээх аймгийн баяжуулах цехэд олборлосон хүдрээ баяжуулж байна. Тэд  өөрсдийн гэсэн баяжуулах цехгүйн улмаас хүдрээ хол зайд тээвэрлэх, гуравдагч тал буюу баяжуулах цехүүдийн алт барилтыг зөвшөөрөхөөс аргагүй байдалд хүрдэг байна. Алт барилт бага байх нь бичил уурхайчдын хувьд хүртэх ашиг нь багасахад хүрдэг. Мөн баяжуулах явцаас үлдсэн хаягдал дахь алтыг мөнгөн ус ашиглан амальгамжуулах сэдлийг төрүүлдэг зэрэг асуудал бэрхшээлийг дагуулж байна. Монгол Улсад мөнгөн усны хэрэглээг хуулиар хориглосон байдаг ба хэрэв хэрэглэсэн нь тогтоогдвол 8 хүртэлх жилийн ял авдаг. Түүнчлэн баяжуулах цех нь бичил уурхайчдаас алтыг өөрсдийн тогтоосон ханшаар авах шаардлагыг тавих нь бий. Баяжуулах цехүүд алт худалдан авахдаа зах зээлийн ханшаас 10-20% бага үнээр худалдан авдаг нь бичил уурхайчдыг алдагдалд оруулдаг. Харин алтаа өөрсдөө баяжуулвал орон нутгийн алтны худалдаачдад зах зээлийн ханшаас 40% бага үнээр борлуулахаас хавьгүй илүү ашигтай.

Тиймээс бичил уурхайчдын хувьд олборлолтын талбайдаа ойрхон дэвшилтэт технологи бүхий баяжуулах цехтэй болбол  дараах үр өгөөжийг авчирна гэдэгт итгэж байна. Үүнд:

Нэгд, бичил уурхайчид өөрсдийн хараа хяналтан доор алт авалт өндөртэй, боловсронгуй технологи ашиглах, хүдрээ хол газар тээвэрлэх шаардлагагүй болсноор тээвэрлэлтийн зардал, цаг хугацаа хэмнэгдэж хөдөлмөрийн бүтээмж,  алтны гарцыг нэмэгдүүлэх боломжтой болно.

Хоёрт, алтаа албан ёсны нийлүүлэлтийн сүлжээгээр харьцангуй өндөр ханшаар худалдаалах боломж бүрдэнэ.  

Гуравт, тэд мөнгөн ус хэрэглэх сэдэл, шаардлагагүй болно. Товчхондоо бичил уурхайчид алтаа албан ёсны худалдан авах төвд шууд борлуулж, тээвэрлэлтэд бага зардал зарцуулснаар орлогоо нэмэгдүүлэх юм. Алт барилт сайтай, мөнгөн усгүй баяжуулах цех нь орон нутгийн бусад бичил уурхайчид, бичил уурхайн байгууллагуудад боломж олгож, мөн мөнгөн усны далд хэрэглээг багасгахад хувь нэмрээ оруулна гэж Д.Мягмарсүрэн итгэж байна.

Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-ийн дэмжлэгээр хэрэгжүүлж буй planetGOLD Монгол төслийн хүрээнд туршилтаар байгуулах баяжуулах цех нь орон нутагтаа байгаль орчинд ээлтэй, мөнгөн усгүй технологиор алтны барилтыг нэмэгдүүлсэн цехтэй болох гэсэн Түнхэлийн бичил уурхайчдын хүсэл зорилготой нийцэж байгаа юм. Ингэснээр сайн туршлага бий болгож, өөрсдөө чадваржиж, мэргэшиж, улмаар нийт бичил уурхай хувьд үлгэр жишээ болон түүчээлэх юм.

 

planetGOLD төслийн тухай

ДДБОС-ийн дэмжлэгтэй “planetGOLD Алтны бичил уурхайн салбарын даян дэлхийн урт хугацааны хөгжлийн боломжууд” хөтөлбөр нь мөнгөн усны хэрэглээтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах болон оролцогч олон нийтийг тогтвортой хөгжлийн боломжоор хангахад чиглэгдсэн. planetGOLD Монгол төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам Канадын Алтны бичил уурхайн зөвлөлтэй хамтран гүйцэтгэж байна.

Төслийн зорилго нь олборлогчоос цэвэршүүлэгч хүрэх үйл явцад нэмүү өртгийн аргачлалыг хэрэгжүүлэх замаар алтны бичил уурхай дахь мөнгөн усны хэрэглээг халахад хувь нэмэр үзүүлэх юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс (i) Албажуулалт, (ii) Санхүү, зах зээлийн хүртээмж, болон (iv) Мэдлэгийн менежмент, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас (iii) Технологи нэвтрүүлэх бүрэлдэхүүн хэсгүүдийг хэрэгжүүлж байна.

planetGOLD Монгол төсөл нь дараах үр дүнд хүрэхээр зорин ажиллаж байна:

  • Монгол Улсын Засгийн газрын алтны бичил уурхайг албажуулах хөшүүргийг бичил уурхайчид зөвшөөрдөг болсон байна;
  • Засгийн газраас бичил уурхайчдад мөнгөн усгүй технологид хөрөнгө оруулах болон хариуцлагатай алтны зах зээлд оролцох боломж олгох зорилгоор алтны бичил уурхайн сан байгуулахад зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлсэн байна;
  • Алтны бичил уурхайгаас гаралтай мөнгөн усны ялгарал буурсан байна;
  • Бичил уурхай бүхий орон нутгууд болон засгийн газар хамтран алтны бүх бичил уурхайчдад хүрч ажилласан байна.

Монгол Улс мөнгөн усны хэрэглээг 2008 онд хуулиар хориглосон ба Мөнгөн усны тухай Минаматагийн Конвенцод 2015 онд нэгдэн орсон байна.

Comments

Одоогийн хүдэр боловсруулах цехүүдийн технологийг сайжруулахад анхаарах. Мөн Хүдэр боловсруулах цехийн хяналтын тогтолцоог нэмэгдүүлэх, боловсруулсан агуулгатай хүдэр, шлик зэргийг бэлтгэж гадагш гаргаснаар алтаа 100 хувь авах зорилгоор бичил уурхайчид гэртээ мөнгөн усыг ихээр хэрэглэж байна. Мөнгөн усны далд хэрэглээ маш их байна.
Маш их таалагдлаа .Үнэн бодит түүх юмаа.Манай ТББ г дэмжин ажиллаж байгаад баярлалаа.

Add new comment