Voices
Countries:
-planetGOLD төслийг хэрэгжүүлж эхэлснээс хойш хэр үр бүтээлтэй ажиллав? Одоо хэрэгжилт хэдэн хувьтай байна вэ?
- planetGOLD Монгол төсөл 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Монгол Улс дахь алтны бичил уурхайд ашиглаж буй мөнгөн усны далд хэрэглээг бууруулах үндсэн зорилготой. Монгол Улс Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцод 2015 онд нэгдэж, тодорхой үүрэг хариуцлага хүлээсэн. Хүлээх үүргүүдийн нэг нь алтны бичил уурхайд ашиглаж буй мөнгөн усны далд хэрэглээг бууруулах юм. Яагаад алтны бичил уурхайд ашиглаж буй мөнгөн усны далд хэрэглээг бууруулах ёстой вэ. Хүний үйл ажиллагаанаас хамааралтай мөнгөн усны ялгарал дэлхий нийтэд 100 хувь гэж үзвэл 37 хувь нь бичил уурхайгаас гардаг. Үүнтэй холбоотойгоор төсөл эхэлсэн. Манай улсад 2008 оноос мөнгөн усыг уул уурхайд хэрэглэхийг хориглосон. Тийм хэдий ч алт баяжуулах технологийн хүртээмжгүй байдал болон чанаргүй технологиос үүдэн мөнгөн усны хэрэглээ далд нууц хэлбэрээр байсаар байна. Нэгэнт хэрэглэж байгаа нь бас нууц биш болсон. Жил болгон л тийм мөнгөн ус хэрэглээд баригдлаа, худалдах гэж байсныг таслан зогсоолоо гэх мэдээлэл хэвлэлээр гарч байдаг. Тэгэхээр мөнгөн усны хэрэглээ байгаа нь тодорхой юм байна. Тиймээс Монгол дахь төслийг хэрэгжүүлж мөнгөн усны хэрэглээг бууруулах зорилго тавьж, дөрвөн үндсэн чиглэл тодорхойлсон.
Нэгдүгээрт мөнгөн усны хэрэглээг бууруулахын тулд бичил уурхайн салбарыг албан ёсны болгох ёстой. Хоёрдугаарт, хэдий бичил боловч олборлох салбар л учраас тодорхой хэмжээгээр санхүүгийн асуудал гарна. Эл асуудал нь мөн албан бусаар явдаг. Санхүүгийн хүртээмжгүй, албан ёсны санхүүгийн зах зээлд оролцох боломж байдаггүй. Энэ цаагуураа далд эдийн засгийг дэмжээд байдаг. Гуравдугаарт, технологийн асуудал бий. Бичил уурхайд үндсэн буюу чулуун ордын алтыг ялган авахын тулд алттай хүдрийг буталж, нунтаглан дараа нь баяжуулан ялган авдаг учир баяжуулалтын суурин тоног төхөөрөмж бүхий бага оврын алт баяжуулах үйлдвэр буюу бидний хэлж заншсанаар "баяжуулах цех" барих шаардлага үүсдэг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй чулуун ордын алт баяжуулах цехүүд нь хүндийн хүчний аргаар алтаа ялган авдаг ба ихэнх нь төвийн бүсэд төвлөрч байна. Баяжуулах технологийн хамгийн анхныхыг 2008 онд нэвтрүүлж байсан. Үүнээс хойш 15, 16 жил болсон байна. Энэ хугацаанд технологийн шинэчлэл явагдаагүй. Алт баяжуулах цехүүдээр ороод үзэхээр ердөө хэдхэн төрлийн төхөөрөмж байдаг. Тэгэхээр бичил уурхайчин алтны хүдрээ баяжуулах цехээр орууллаа гэхэд хэдэн хувь нь яг өөрт нь ирж байна, хэдэн хувь хаягдал болоод үлдэж байна вэ гэдгийг мэдэх арга байхгүй. Түүнчлэн зөвхөн хүндийн хүчний аргаар баяжуулж байгаа нь одоогийн бидний бичил уурхай дахь олборлох, баяжуулах технологийн нөөц бололцоо муу, мөн химийн бодисын болон бусад тусгай зөвшөөрлүүдийн олголт хүндрэлтэй байдаг зэргээс хамаарч байна. Энэ нь бага оврын үйлдвэрийн технологи том үйлдвэрүүдийхээс хоцрох шалтгаан болж байгаа юм. Үүнтэй уялдуулаад технологи сайжруулах хэрэгцээ гарч ирж байна. Дөрөвдүгээрт, мөнгөн ус ямар хортойг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Өмнө нь мөнгөн усны хэрэглээ ил байхад хүмүүс нэг дор бөөгнөрөөд хэрэглэдэг байсан. Одоо далд хэлбэрт орчихоор хүн ганцаараа битүү орчинд мөнгөн усыг ашиглаж байна. Битүү орчинд мөнгөн ус ашиглаж алт ялгаж авах арга хамгийн буруу. Тэр хүн өөрөө өөрийгөө хордуулж буй хэрэг. Үүнийгээ орон гэртээ хийдэг бол бүр асуудалтай. Өөрөөс нь гадна гэр бүл хүүхдүүдээ эрсдэлд оруулж байна. Эхнэр нь жирэмсэн бол, аав ээж нь өндөр настай бол илүү эрсдэлтэй. Дараагийн асуудал нь ашигласан усаа ихэвчлэн гэрийн хаягдалтай нийлүүлэхгүй, хаягдлаа хэн ч мэдэхгүй, уулын мухар эзгүй газар аваачиж орхидог. Хаана хаядаг нь тодорхойгүй. Баригдвал ялтай. Энэ байдлаас үзэхээр ард иргэдэд, бичил уурхайчдад, ар гэрт нь, хүүхдүүдэд мөнгөн усны хэрэглээ бидэнд, байгаль орчинд ямар хортой юм гэдгийг ойлгуулах нь тун чухал. Өөрөөр хэлбэл, бичил уурхайг албажуулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, технологи сайжруулах, мөнгөн усны талаар мэдлэг мэдээлэлтэй болгох гэсэн дөрвөн зүйлийг голчлон анхаарч ажиллалаа.
Ковид цар тахал болон бусад зүйлээс шалтгаалж, 2019 оноос хойш таван жил үргэлжлэх байсан төслийг нэг жил сунгаж зургаа дахь жилдээ хэрэгжүүлж байна. Бид ямар үр дүн гаргав аа гэхээр төсөл эхлэхтэй зэрэгцүүлээд албажуулалтын үйл ажиллагааг идэвхжүүлсэн. 2019 оны 7 сард төсөл эхэлж, 8 сард Ерөнхий сайд Орхон, Ерөө голоор явж уурхайнуудыг хааж зогсоосон. Улмаар Засгийн газраас тогтоол гарч бичил уурхайн журмын гол гол заалтуудыг түдгэлзүүлсэн. Тухайн ондоо шинэ журам гаргах үүрэг даалгавар гарсан. Гэвч 2020 гараад ковид дэгдсэн. Мэдээж бүгд цар тахлыг даван туулахад анхаарч энэ журмыг төдийлөн авч хэлэлцээгүй. Гэхдээ цар тахал гарахаас өмнө журмыг нэлээд судалж ажиллаад эхэлсэн байсан. Гэсэн хэдий ч сунжирсаар 2022 онд журмаа баталсан. Дөрвөн жилийн дараа журмаа баталсан нь манай үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн. Бид албан ёсны зөвшөөрөлтэй газрыг дэмжих гээд байдаг. Хуулийн дагуу үйл ажиллагаатай явж буй бичил уурхайчдыг дэмжих, хууль бусыг нь багасгах боломжгүй болсон. Гэхдээ бидний зүгээс журмыг сайжруулах, талуудын санал хүсэлтийг сонсоод яг дутагдаад байгаа асуудал юу вэ гэдгийг журамд тусгаж оруулах тал дээр анхаарч дэмжиж ажилласан. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас журам боловсруулах ажлын хэсгийг байгуулсанд манайхаас орж ажилласан. Мөн 2022 онд журам батлагдсаны дараа шинэ журмыг олон нийтэд танилцуулах шаардлагатай болсон. Ямар учиртай, юу шийдэх журам бэ, юу өөрчлөгдсөн бэ гэдгийг иргэд, бичил уурхайчдад, төрийн байгууллагынханд ойлгуулах хэрэгтэй. Энэ ажлыг нэлээд хийсэн.
Бид алтны хүдэр баяжуулах технологи туршиж байна. Уг нь бид Сэлэнгэ, Ховд аймагт энэ ажлаа хийхээр төлөвлөсөн байсан. Харамсалтай нь, бас л ковид, орон нутгийн сонгуулиас үүдээд бид Ховдод ажиллах боломжгүй болоод дараагийн шийдвэрээ шуурхай гаргах ёстой болсон. Ховдод боломжгүй болсон учир технологио Сэлэнгэд авчирсан. Ингээд Түнхэл болон Мандалд туршилтаа хийх болсон. Яагаад төвийн бүсэд хийх болсон гэхээр тойроод ажилладаг бусад цехүүдэд технологи ингэж сайжирч болох юм гэдгийг ойлгуулахыг зорьсон. Одоогоор Түнхэл болон Мандалд хоёр баяжуулах цехээ барьчихаад байна. Барилгын ажил дууссан, тоног төхөөрөмж суурилуулсан. Технологийн туршилт хийж үзсэн. Одоо кноп дараад ажиллуулахад бэлэн.
-Одоо ажиллахгүй байгаа юм уу?
-Тийм дахиад хууль эрх зүйн асуудал гарсан. 2022 онд журам батлагдсан ч албан ёсны газар олголт удааширсан. Сүүлийн нэг жил Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгад бичил уурхайг байхгүй болгоно, хуулиас хасна гэдэг асуудал яригдсан. Үүнтэй уялдуулаад үндэсний төвшинд ч, орон нутгийн шийдвэр гаргагч нар ч газар олголтод хойрго, хүлээх маягтай байна. Энэ бүгд тодорхой бус байдал үүсгэсэн. Нэг бол бүр больчихмоор байна. Эсвэл болиогүй, үүнийгээ үргэлжлүүл гэдгээ хүмүүстээ ойлгуулах хэрэгтэй.
-Төв аймаг болон Сэлэнгэ зэрэг аймагт бичил уурхайчид, дархчуул гээд амьжиргаа залгуулдаг олон талын төлөөлөл байгаа. Баяжуулах технологийг ашиглах хүмүүс ямар хүлээлт, горьдлого тээж байх шиг байна вэ?
-Алтны үндсэн орд дээр хүссэн хүсээгүй баяжуулалтын технологи заавал шаардана. Хэн нэгэн хүн өөрийнхөө цаг зав, зардал мөнгө гаргаж олсон алтны хүдрээс аль болох л их ашиг олохыг хүснэ. Үүнийгээ аль нэг төрийн байгууллага, цагдаад хураалгахгүй, хуулийн дагуу хийхийг хүсдэг. Тиймээс бичил уурхайчин талдаа хүлээлт өндөр байгаа. Бидний хувьд алт барилт буюу металл авалтыг аль болох хамгийн дээд төвшинд байлгахыг эрмэлзэж байгаа. Манай технологийн хувьд бусадтайгаа адилхан хүндийн хүчний арга. Гэхдээ одоо байгаа алт барилтыг нэлээд дээшлүүлнэ. Хүдрээс алтны гарцыг илүү сайн гаргаж авна гэсэн үг. Технологи дээр нэлээд сайн туршилт хийсэн.
Ер нь бол цаашаа химийн уусгалтын технологи ашиглах шаардлагатай. Яагаад гэвэл хүндийн хүчний аргаар нүдэнд харагдахуйц том алтнуудыг л баяжуулж авч чадна. Үлдсэн тоосонцор алтыг химийн бодисоор авахаас өөр арга байдаггүй. Өнөөдрийн байдлаар Монголын бичил уурхайд цианид натри зэрэг уусгалтын технологи ашиглах хууль эрх зүйн хувьд бараг боломжгүй. Баяжуулах цехүүд хаягдлаа томоохон цианидаар боловсруулах үйлдвэрүүдэд хямд үнээр зарж ирсэн нь нэг талдаа технологийн сул тал их байгааг, нөгөө талдаа байгалийн баялгийг иж бүрнээр нь ашиглаж байгаа ч юм шиг харагддаг талтай.
-Иргэд бичил уурхайн мөнгөн усны хор уршгийн талаар хэр мэдлэгтэй болсон бэ? Говь-Алтай, Ховд гээд аймгуудыг бүсчилж, нэлээд олон удаагийн сургалт хийсэн шүү дээ?
-Иргэд мөнгөн ус хортойг ерөнхийдөө мэднэ. Бидний хувьд 2019 оноос бичил уурхайд ажиллаж байгаа хүмүүст яагаад хортой вэ, ямар нөхцөл байдлаас болж та илүү их хордоод байна вэ гэдгийг ойлгуулах гэж нэлээд хичээж ажиллалаа. Дээр хэлсэнчлэн битүү орчинд ууршуулж, ашиглаж байгаа нь эрүүл мэндэд нь шууд нөлөөлж байгаа, гэр бүлийг чинь эрсдэлд оруулж буйг нэлээд ярьсан. Ойлгуулахыг хичээсэн. Ингэхдээ бид зүгээр нэг сургалт хийгээгүй хажуугаар нь Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвтэй хамтраад мөнгөн усны талаар гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан. Нөхцөл байдал ийм байна, хэрэглэвэл ийм болох нь гэдгийг бодитоор харуулахыг хичээсэн. Мөн сурагчдын дунд мөнгөн усны талаар гар зургийн уралдаан зарласан. Хүүхдийг шагнаж урамшуулахаас илүү мэдлэг мэдээлэл өгсөн гэж харж байна. Хүүхдүүд зургаа зурахын тулд мөнгөн ус гэж юу болох талаар уншсан, гэртээ, ойр тойрныхондоо ярьсан байсан. Магадгүй аав нь алтанд явдаг бол ядаж бодож эхэлнэ. Ийм байдлаар гэрт нь харилцан ярилцах сэдэл өгсөн. Насанд хүрэгчдэд, хүүхдүүдэд, бичил уурхайчдад гээд онцлогт нь тохируулж олон сургалт хийсэн. Зарцуулсан цаг, хийсэн ажлаа бодохоор тодорхой үр дүнд хүрсэн болов уу.
Санхүүгийн хүртээмжийн асуудал хамгийн ярвигтай нь байсаар байна. Арилжааны банкууд зээл олгох, эсвэл хөрөнгө оруулалт орж ирэхэд буцаад л албажуулалттай уялддаг. Банкууд эрсдлээ хараад хамгийн түрүүнд албан ёсны бизнес байх ёстойг шаардана. Тэр ойлгомжтой. Дээр нь барьцаа хөрөнгө шаардлагатай. Ингэхээр бичил уурхайчдад ч хүртээмжгүй болчихож байгаа юм. Гэхдээ хүмүүс ямар нэг аргаар ухаад байна. Хаанаас мөнгө гаргаад яаж ухаад байгаа юм бэ гэдэг чинь том асуудал. Жишээ нь Говь-Алтай зам муутай. Тийшээ жийпээр очно. Тэр жийпний шатахууны зардлыг нь бодоод үз. Очоод хүн ажиллана. Тоног төхөөрөмжүүдээ авна. Хоол хүнс хэрэглэнэ. Энэ бүхний ард мөнгө явж л байна. Хүмүүс албан бусаар хоорондоо мөнгө солилцож л байгаа хэрэг. Энэ бүхэн саарал жагсаалттай шууд уялдаж байна. Удахгүй болох Форумтай холбоотойгоор эл асуудал сөхөгдөнө. Яагаад бид үүнийг ярьж байна вэ гэхээр хууль бус үйл ажиллагааг аль болох таслан зогсоох, мөн хуулийн дагуу явж болох хэсгийг дэмжээд явмаар байна. “Гэрэл” тусгамаар байна. 2019 оны 11 дүгээр сард манай улс Саарал жагсаалтад орсон. 2020 оны 10 дугаар сард саарал жагсаалтаас гарсан. Саарал жагсаалтад ороод гардаг улсуудын хувьд рекорд юм. Дөрвөн асуудал байсны нэг нь үнэт металл дагасан мөнгө угаалтын асуудал. Эрсдэл Монгол Улсад өндөр байна гэж үзсэн. Хууль эрх зүйн орчин боловсронгуй бус гэж үзсэн. Алтны худалдаагаа бид албажуулмаар байна гэдгийг хэлсээр ирсэн.
Гарал үүсэл ил тод байлгаач, өнөөдөр хэдий хэмжээний алт хаанаас ирээд байгааг мэдмээр байна гэдгийг мэдэхгүй байна. Үүнийг тодорхой болгох ёстой гэж ярьж байсан. Үүний эхний алхам бол миний бодлоор алтны худалдаачдыг бүртгэлжүүлж лиценз олгож эхэлсэн явдал. Лицензгүй худалдаачид бий. Дөнгөж эхэлж буй учраас урт хугацаанд хэрэгжих ёстой. Миний бодлоор эхлээд тэлэлтэд анхаарах ёстой. Энэ явцын дараа хууль бус байдлыг шахах бодлого барих ёстой. Гэхдээ бидэнд тийм ч урт хугацаа алга. Учир нь 2027 онд саарал жагсаалтын аудитын шалгалт ирнэ. Тэр үед дээрх нөхцөл байдал хэвээр байвал хууль гарлаа ч газар дээрээ хэрэгжээгүй бол буцаад саарал жагсаалтад орно. Аль болох олон хүн үүнийг ойлгоосой. Ирээдүйд эл асуудал дахиад босож ирнэ. Урт хугацаанд зөв явъя гэж бодож байгаа бол засаж сайжруулах ёстой, хүссэн хүсээгүй хуулиа хэрэгжүүлэх ёстой. Бид "Mongolian JEWELLERY & METAL Forum, Expo-2024"-ийг дэмжээд байгаа шалтгаан нь энэ юм. Манайд алт, мөнгө, зэс нь байгаа боловч манайх гаднаас түүхий эдийн бэлдэц маш ихээр авдаг. Дотооддоо гарал үүслээ тогтоогоод эко алт шиг явах боломж байгаа ч зохицуулалт алга.
-Монголбанкны алт тушаалт харахаар аж ахуйн нэгжүүдээс гадна иргэдийн алт тушаалт нэмэгдээд байх шиг. Бичил уурхай алтаа тушааж байна. Цаашдаа яаж далд хэлбэрээс нь гаргах вэ?
-Манлайлал их чухал юм байна. Манай улс хэтэрхий дүрэм журмаараа хаасан хорьсон, хянасан боосон байдал нь том тушаа болж байна. Миний бодлоор баяжуулах цех олон байх хэрэгтэй. Увсад алт ухчихаад Баянхонгор юм уу Сэлэнгэд ирж алтаа баяжуулдаггүй баймаар байна. Нэгдүгээрт хүний амь насны эрсдэл. Хоёрдугаарт зардлын эрсдэл, гуравдугаарт цаг хугацаа. Гэхдээ энэ болгоныг хэн нэгэн хийгээд байна. Энэ чинь л далд эдийн засаг. Далд юм чинь нөгөө нүүрс шиг зүйл болж байгаа юм. Улсад орох ямар ч орлого байхгүй. Тиймээс аль болох нээлттэй байлгаж, шалгах асуудлаа сайн шалгадаг, чөлөөлөх юмаа чөлөөлдөг байдлаар хандмаар байна. Засаг бодлогоороо үүнийг илүү тодорхой болгох хэрэгтэй.
Технологи сайжруулах хэрэгтэй. Хяналт, шалгалт, стандартаа өндөр түвшинд тавьж химийн уусгалтын технологийг албан ёсны бичил уурхайд нэвтрүүлэх шаардлага их байгаа. Олон газар цехүүд байрлах боломжийг олгоосой. Цехүүдээ дагаад сорьцын үйлчилгээ байх ёстой. Одоогоор энэ үйлчилгээ Баянхонгор, Дархан-Уулд байгаа. Эл асуудлыг би Швейцарын хөгжлийн агентлагт ажиллаж байхдаа хөндөж, агентлагаас санхүүжилт гаргаж байгуулж байсан. Цаашдаа үүнийг нэмэгдүүлэх хэрэгтэй.
-Сорьцыг нотариат шиг байлгаж болох уу?
-Байж болохгүй санал биш. Гэхдээ тодорхой санхүүжилт мөнгө шаардлагатай. Байр орон сууц, иж бүрэн тоног төхөөрөмж хэрэгтэй. Одоо Стандарт, хэмжил зүйн газраа түшиглээд явдаг. Эрдэнэсийн сангийн тухай хуулиар хувийн лабораториудыг сорьцын үйлчилгээ хийхийг зөвшөөрсөн. Одоохондоо үүнийг хувийн лабораториуд ойлгохгүй байх шиг байна. Мөн хангалттай бизнесийн боломж харагдахгүй байх шиг байна. Яагаад гэхээр албан зах зээл маань хангалттай биш. Магадгүй тав, зургаан жилийн дараа арай өөр дүр зураг харагдах байх гэж найдаж байна.
Манлайлал хэрэгтэй байна. Баталсан хууль журмаа хэрэгжүүлээд технологийн дэвшлээ ахиулахад л саарал жагсаалтаас ангид байна.Саарал жагсаалтад ороод байгаа нь гарал үүслийн асуудал юм л даа. Гарал үүсэл олон улсад том асуудал болж хувирсан. Бид хүссэн хүсээгүй гарал үүсэл дээрээ олон улсын дүрэм журмыг баримтлах ёстой. Эхлэл нь тавигдсан. Гэхдээ 100 хувь хэрэгжихгүй байна. Хэдэн жилийн дараа үр дүн гарна гэж найдаж байна.
-Бичил уурхайн салбарт хэчнээн хүн ажиллаж амьдарч байна вэ? Салбарын тодорхой дата мэдээлэл байна уу? Одоо бичил уурхайчдын ажиллах үе эхэллээ. Тоо нэмэгдэх байх?
- Швейцарын хөгжлийн агентлаг Монголд бичил уурхайн төслийг яагаад эхлүүлэх болсон бэ гэхээр 1999, 2000 оны зуднаар малчид малаа алдсан. Малаа алдсан иргэд нэг бол Улаанбаатар луу нүүж одоогийн хотын асуудлууд бий болсон, үгүй бол нинжа болсон гэж ярьдаг. Өнөө жил эл үзэгдэл давтагдах байх. Улаанбаатарт нүүж ирэх байх, алтаа ч ухах байх. Тиймээс хууль бус асуудал нэмэгдэх байх. Ковидын үеэр журам түдгэлзэхэд эл салбар унтаа болсон шиг ойлгож хүмүүс тайвширсан. Гэтэл анзаарсан бол сүүлийн хэдэн жил самар сайн ургасан. Иргэд самарт их явсан. Олборлолтын талбайгаар явахад хэн ч байхгүй. Хаачсан бэ гэхээр самарт явсан байсан. Миний ойлгосноор самар хугацаагаараа хэдэн жил ургаад эргээд багасдаг. Энэ нь цаашдаа тоог нэмэгдүүлэх байх. Албан тоо гаргахад хэцүү байдаг. Судалгаанд хамрагдсан 9,000 гэдэг тоо бол ил байгаа бичил уурхайчдын л тоо. Айгаад далд ажиллаж байгаа хүмүүс бас бий. Мал маллангаа алт ухдаг хүн өөрийгөө уурхайчин гэж хэлэхгүй л дээ.
-Үнэт металл, үнэт чулууны эдлэлийн худалдаа, олборлохоос борлуулах хүртэлх оролцогч талууд ихтэй. Нэмүү өртөг шингэсэн экспорт хиймээр байна. Гэтэл тэдний авах түүхий эд 80-90 хувь нь импортоос хамааралтай байна. Үүнийг далд байлгах сонирхолтой багахан хэсэг бүлэг байна уу?
-Компаниуд алтаа Монголбанканд шууд тушаагаад гадагш гардаг. Уран дархчуулын алт дандаа алтны ченж, бичил уурхайчдаас орж ирдэг шүү дээ. Компаниуд алтны худалдаачдад өгдөг асуудал бий. Гэхдээ ихэнх нь бичил уурхайчдаас л авдаг. Дээр нь хууль бус уурхай. Ингэхээр далд асуудал үүснэ. Бид улсад орох орлогоо зүгээр урсгаж байна. Одоогийн байдлаар бол олон улсад экспортлох боломжгүй. Монголд хийсэн үнэт эдлэлийг ямар гарал үүсэлтэй болохыг олон улсад баталж чадах уу гэдэг асуудал гарч ирнэ.
-Хүүхдийн хөдөлмөр мөлжсөн үү, соёлын өвд халдсан уу гэдгийг тогтоож чадахгүй юу ?
-Үүнийг хийх гээд олон улсын стандарт хэрэгжиж эхэлсэн. 10 гаруй жилийн өмнө эхлүүлсэн ажил. Бичил уурхайг байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, хүний эрхийн зөрчилгүй байлгах стандарт л даа. Манай төслийн хувьд энэ стандартыг нэмэлт өөрчлөлт оруулан planetGOLD стандарт гэдэг нэрээр хэрэгжүүлж байна. Стандарт хэрэгжүүлэхийн тулд мэдээж тодорхой зардал гарна. Тэгэхээр бичил уурхайчин хүнд уг стандартыг хэрэгжүүлэхийн тулд тогтвортой ажлын байр буюу бичил уурхайн албан ёсны газар хэрэгтэй. Явж явж буцаад албажуулах, хууль эрхзүйн орчныг сайжруулах руу очоод байгаа юм. Үүнд л шийдвэр гаргагчдын манлайлал хэрэгтэй байна.
-Иргэдийн хувьд харьцангуй гайгүй. Ойлголт сайжирсан. Төрийн байгууллагын ажилтан харилцан адилгүй. Тухайн албан тушаалдаа хэдэн жил ажилласан эсэх, уул уурхайн мэдлэгтэй юу үгүй юу гэдгээс маш их хамаарна. Засаг дарга улс төрийн албан тушаалтан. Улс төрийн албан тушаалтан иргэдийн хүсэл сонирхол ямар байгааг харна. Өөр хүчин зүйл бас нөлөөлнө. Ерөнхий хандлага нь арай олон жил уурхай эрхэлсэн газарт сумдын Засаг дарга харьцангуй нээлттэй. Дөнгөж эхэлж байгаанууд нь бас харьцангуй гайгүй, зөв явуулчих юмсан гэсэн сэтгэлээр ханддаг. Дунд нь нэг хэсэг байна. Жаахан муу явчихсан, буруу эхэлчихсэн газар ерөнхийдөө жаахан дургүй. Ийм хөгжлийн гурван үе шат харагдаад байна.[AB1]
-Mongolian JEWELLERY & METAL Forum, Expo 2024-с ямар шийдэл хүлээж байна вэ?
-Өнгөрсөн форумуудаас харж байхад шийдвэр гаргагч нар ирдэг, ирдэггүй янз бүр. Ер нь л оролцдоггүй талдаа. Өөрөө ойлгоогүй, сонсоогүй хүн чинь албан хаагчийнхаа үгийг ойлгох уу гэдэг эргэлзээтэй. Тиймээс шийдвэр гаргагч нар ирээсэй. Ирээд ямар асуудал, ямар том боломж байгааг хараасай гэж хүсэх байна.
Knowledge Areas: